Зам тээврийн яамаас томилсон ажлын хэсэг 2025 оны 3-р сарын 19-20-ны өдрүүдэд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Зүүнбаян – Тавантолгойн төмөр зам дахь Борхошуу зөрлөгт ажиллав.
Ажлын хэсэг тус зөрлөгөөс салаалж шинээр барьсан 3798,76 метр дэлгэмэл урт бухий салбар төмөр замыг дохиолол төвлөрүүлэлтийн өргөтгөл, өөрчлөлт, ачилт буулгалтын талбай, өндөрлөсөн тавцан, вагон пүү, гэрэлтүүлэгийн барилгын ажлыг газар дээр нь шалгаж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар баталсан “Төмөр замын техник ашиглалтын журам”, MNS 5833:2010 “Төмөр замд барилга байгууламжийн ойртолтын болон хөдлөх бүрэлдэхүүний овор хэмжээ”, MNS 6229:2021 “1520 мм царигтай төмөр зам” зэрэг стандартын шаардлага хангасныг баталгаажуулж, байнгын ашиглалтад оруулах боломжтой гэж дүгнэлээ.
Шинээр баригдсан салбар төмөр зам, ачилт, буулгалтын талбай зэрэг энэхүү бүтээн байгуулалтыг “Түмэн айл көүл” ХХК-ийн захиалгаар “Дорнын харгуй” ХХК, “Очир-эрдэнэ зам” ХХК, “Мөнхдархан хангай” ХХК, “MRPAC” ХХК, БНСУ-ын “Хёкшин инженеринг” ХХК зэрэг мэргэжлийн хэд хэдэн компаниуд хамтран гүйцэтгэсэн бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК хяналт тавьж ажиллалаа.
Энэ ажил нь бүс нутгийн хөгжил, эдийн засгийн эргэлтийг түргэтгэх зорилгод нийцсэн, Зүүн-Баян – Тавантолгойн төмөр замын шугамын дундын өртөөнд баригдсан анхны терминал болж байгаагаараа онцлогтой юм.
Энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн хатуу ширүүн уур амьсгал, цаг агаарын бэрхшээлийг сөрөн, чанарын өндөр түвшинд, амжилттай барьж байгуулсан дээр дурдсан болон бусад туслан ажилласан байгууллага, хүмүүст “Түмэн айл көүл” ХХК-ийн зүгээс чин сэтгэлийн талархалаа илэрхийлж байна.